Мартагнаж болохгүй улс төрийн актын тухай

SPECTRE MONGOLIA
6 min readFeb 11, 2021

--

eguur.mn

2-р сарын 8-ны өдрийн үдээс өмнө нэгэн сэтгэл өвтгөм, биднийг цочирдуулсан үйл явдал болсон нь 34-н настай залуу Сүхбаатарын талбай дээр зулын гол болон амиа егүүтгэсэн өдөр.

Итгэмээргүй, хамгийн гол нь хэн ч урьдаас болохыг мэдрээгүй явдал байсан учир хүн бүр сошл медиа, хувийн орон зай, гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олон дундаа төрөл бүрийн таамаг дэвшүүлэн болсон үйл явдлыг “шингээх” гэж оролдсон. Талийгаачийг сэтгэлзүйн асуудалтай, эсвэл CD борлуулахаас өөр тодорхой эрхэлсэн ажилгүй нэгэн хэмээн буруутгасан эсвэл цалингаа олон сар хүлээсэн төмөр замын ажилтан гэх улстөржсөн зэрэг олон янзын таамаг дэвшүүлэгдэж, Монгол эрчүүдийн дундах амиа хорлолтын өндөр түвшин ч эргэн сөхөгдсөн. Гэвч талийгаачийн үхлийг тойрсон эдгээр олон таамаг, мэдээ мэдэгдэл айсуй хөл хорионы өмнөх бэлтгэл ажил болох хоол хүнс цуглуулах, амжиж гарч сэлгүүцэх туйлшрал дунд сулхан дискурс болон талийгаачтай хамт замхрангаа алдаад байна. Түүний үйлдсэн улс төрийн актыг нийгмийн санах ойгоос арчигдан, зүгээр нэг үр дүнгүй өнгөрөхвий хэмээн Спектр бүлгэмийнхэн энэхүү эссейг та бүхэнд хүргэж байна. Үүнд бид ямар нэг сэтгэл хөдлөлөөр хандан эмгэнэлтэй жүжиг үзээд катарсисаа хүртээд мартах биш, эсвэл неолиберал үзлээр хувь хүнээс хариулт нэхэх бус, харин талийгаачийн өргөсөн сүүлчийн бөгөөд хамгийн үнэтэй тахил нь улс төрийн эсэргүүцэл байсан гэдгийг сануулмаар байна.

Анх 1963 онд Сайгон хотод Тич Куан Дык хэмээх лам өөрийгөө шатааснаас хойш иймэрхүү үзэгдлийг ихэвчлэн шашинтай холбон тайлбарлах болсон ч сүүлийн үеийн улс төр, социологи, нийгэм хүмүүнлэгийн судалгаанд зулын гол болон амиа егүүтгэх үйлийн талаарх судалгаа түгээмэл сэдэв болж, улстөрийн шалтгаантай үйлдэл гэдэгт санал нийлэх болж байна.

Төвд болон Өвөр Монгол дахь буддын шашинт хөдөлгөөнүүдийн Хятадын засгийн газрын дарангуйллыг эсэргүүцэх (Вехаба 2019), зүүн европ ялангуяа Польшид авторитар дэглэмийг эсэргүүцэн өөрийгөө шатаан амиа егүүтгэх (Жук ба Жук 2018), эсвэл 1968 онд Чех оюутан Ян Палах Чехийн ард түмнийг тэмцэлд уриалан өөрийгөө шатаасан (Уззел 2012), мөн Хойд Африк дахь автократ дэглэмүүдийг эсэргүүцэн “Арабын хавар” хэмээх хувьсгал эхлүүлсэн үйл явдал (Микелсен 2015, Уззел 2012) зэрэг багтана. Үүнд зулын гол болох нь амиа хорлох гэдэг ангилалд орохгүй чухам улс төрийн акт гэдгийг дахин цохон тэмдэглэх ёстой. Учир нь амиа хорлох үйлийг модернист өнцгөөс тайлбарлан хувь бодгаль хүнийг хэт чухалчлан, нийгмийн нөлөөг үгүйсгэсэн орчин үеийн нийгмийн шүүмжлэлээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд модернизмыг шүүмжлэн (Дюркхайм 1897) амиа хорлолт хэмээн ангилахаас илүү амиа золиосолсон[1] явдал гэж бид дүгнээ байна. Яагаад чухам амиа золиосолсон туйлын улс төрийн акт вэ мөн яагаад бид нар энэ үйл явдлыг мартах ёсгүй вэ гэдгийг дараах байдлаар тайлбарлая.

Энэ явдал зүгээр нэг амиа егүүтгэх явдал бус байсан гэдгийг гэрчлэх хоёр хүчин зүйл байгааг анзаарна уу: тус явдал болсон цаг хугацаа, нөгөөх нь уг үйлдлийг гүйцэтгэсэн газар байршил. Манай улсад амиа хорлолт ялангуяа эрчүүдийнх маш өндөр ч Сүхбаатарын талбай дээр төрийн ёслолт үйл явдлын үеэр амиа егүүтгэх, тэр дундаа зулын гол болох замаар үйлдсэн тохиол үгүй[2]. Талийгаач Төрийн ордны өмнө Сүхбаатарын талбайд, төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр амиа егүүтгэсэн нь ердийн нэг тохиолдол биш мэт. Энэ бүхэн улстөрийн акт байсан гэж үзвэл талийгаач энэхүү тэмцлээрээ юуг илэрхийлэхийг хүсэв, яагаад тэмцлийн ийм хурц хэлбэрийг сонгов гэсэн асуулт урган гарна. Үүнд хэвлэл мэдээллийн зүгээс талийгаачийг нийгмийн хувьд үнэ цэнтэй нэгэн байгаагүй гэсэн буруутгал сэжүүр өгөх боломжтой. Улстөрийн идэвхтэй тэмцэгч бус, олны танил биш нэгэн амиа хорлосон тохиол бол өмнө нь дурьдсан “Арабын хавар” тэмцлийн гол шалтгаан болсон Мухаммед Баузизи юм. Баузизи 26 настай жирийн нэгэн жимсний худалдаачин байсан ба 14 жилийн турш 7 ам бүлтэй гэр бүлээ тэжээх гэж улс төрийн дарангуйлал, авилгад автсан төр засаг, эдийн засгийн шахалт, хүнд дарамтан дор амьдарсны эцэст өөрийгөө олон нийтийн газар галдан шатаасан юм (Де Сото 2011, 2). Энэ үйл явдлын дараа зэргэлдээх хот, цаашлаад бүр хөрш улс орнуудад хүртэл шат дараатайгаар тэмцэл эхэлсэн юм. Эдгээр тэмцэл нь ядуурал, ажилгүйдэл зэрэг эдийн засгийн шалтгаантай байв. Ийм ч учраас судлаачид Буазизиг амиа хорлосон улс төрийн субъект хэмээн үздэг (Микелсен 2015).

Үүнтэй адил Сүхбаатарын талбайд өөрийгөө шатаасан тэрээр нийгэмдээ “хэрэггүй” нэгэн байсанд бус түүнд амиа золихоос өөрөөр өөрийгөө илэрхийлэх боломж байгаагүйд хамаг учир оршино. Түүний биеийн хэлэмж болоод төрийн ёслолын хэлийг харьцуулан үзвэл энэ явдлыг ойлгох өнцөг илүү тодрох болно.

Эмгэнэлт болон баярт гэсэн хоёр үйл явдал зэрэг тохиосон цаг хугацаагаар нь авч үзвэл нэг талдаа “ядуу” (Блок 1975) хоосон (Юрчак 2005) албан ёсны төрийн хэл, нөгөө талд өөрийн дуу хоолой нь төрд хүрэхгүй учир биеийн хэлэмжээрээ эсэргүүцлээ илэрхийлсэн өөр нэгэн хэл буюу эсэргүүцлийн хэл хамтдаа оршиж байна. Улс төр дахь хэл яриа, улс төрийн албан ёсны илтгэл болон төрийн зан үйлийг судалсан Морис Блокын үзсэнээр албан ёсны төрийн илтгэл, үүнд ерөнхий сайд, ерөнхийлөгчийн аливаа нэг илтгэл, зан үйл нь энэхүү ядуурсан хэл байдаг аж. Энэ хэл нь олон зүйл илэрхийлж чаддаггүй далд хэл юм. Энэ хэлээр дамжуулан улс төрийн цөөнх нь нийгмээ хяналтандаа байлгадаг. Энэхүү албан ёсны хэл нь эв нэгдлийг бататгах зорилготой, зөвхөн эрх мэдэлтэй хүмүүст байх бөгөөд хэн нэгний хариулт, хариу үйлдлийг тэвчихгүй, дээрээс доош чиглэж байдаг. Тиймээс улс төрийн эрх мэдлийн цөөнхийн дэглэм дээд цэгтээ хүрсэн үед өөрийн сэтгэгдэл, ярих хэлэх зүйл эдгээр албан хэл, зан үйлд замхран үгүй болдог аж. Хэлээр дэглэмийг өөрчлөх боломжгүй бөгөөд бид хэчнээн бухимдаж гомдоллоод ч нэмэргүй өнөөдрийн цаг үе үүний тод жишээ. Энэ тохиолдолд үлдсэн цорын ганц гарц нь бидний очиж үзэхийг хэзээ ч хүсэмгүй тэр газар. Тэр нь энэхүү ертөнцөөс халих явдал. Ийм үйлдэл бүхнийг шууд үгүйсгэх бөгөөд ‘нийгмийн шаналал’-ын нэг илрэл болж, тэрхүү зовлон, тарчлалыг биеэрээ мэдрэн шууд илэрхийлэх (Kрэйг 2013) тэмцлийн шууд хэлбэр юм.

Улс төрийн зорилготой амиа золиослох үзэгдлийн тухай судалсан К.М. Фиерке[3] өөрийгөө золиослох гэдгийг золиослогч нь тарчлан зовж буй бие махбодоороо дамжуулан нийгэм дэх шударга бус байдлыг илүү олон хүнд “илтгэх үйлдэл” юм гэжээ (Фиерке 2013, 37). Өөрийгөө шатаана гэдэг нь хүчирхийллийн аргаар үхэх явдал (Уззел 2012) ба үүнийг хүч, хүчирхийлэл болоод биополитикийн тухай онолуудаар тайлбарлаж болно. Ихэвчлэн төр засаг, удирдагч, эрх баригчид хүчирхийллийг өөрийн гарт байлган, хуульчлан авснаар иргэдийг хамгаалах нэрийдлээр төр л зөвхөн хүчирхийлэл үйлдэх бүрэн эрхтэй болдог (Фуко 1985, Бенжамин 1920). Харин үүнээс гадуур үйлдэгдэж буй хүчирхийлэл бол хууль ёсны бус бөгөөд (Бенжамин 1920) байж болшгүй зүйл болж хувирдаг. Өөрийгөө шатаах үйлдэл нь нэг ёсондоо өөрөө өөртөө үйлдэж буй хүчирхийлэл буюу тухайн хүнд төрийн өөдөөс тэмцэх ямар нэгэн нийгэм, эдийн засаг, үг хэлний хүч үлдээгүйн улмаас өөрт үлдсэн ганц боломж болох өөрийн мэдлийн ‘биеэ зэвсэг болгон ашиглаж’ (Mбембе 2003, 36) эсэргүүцлээ илэрхийлж байна гэсэн үг. Ингэж тухайн хүний бие махбод нь хүчирхийллийн замаар тэмцэл өрнөж буй улс төрийн талбар болж хувирч байгаа юм.

Гэхдээ энэхүү тэмцлийг бид шашны болоод соёлын тэмцлээс ялгаатай гэж үзэж байна. Энэ тэмцэл нийгмийн давхраажилт буюу эдийн засгийн уг үндэстэй. Зарим улс оронд болсон ижил тохиолдлуудаас үүдэн өөрийгөө шатаах үзэгдлийг эдийн засгийн тэмцэл хэмээн тодорхойлох болжээ (Микелсен 2015). Мөн Фиеркегийн тодорхойлсноор өөрийгөө шатаах золиослогч нь “зовж буй үндэстний биелэл/төлөөлөгч” нь болдог (Фиерке 2012, 53). Талийгаач буддист, сэхээтэн эсвэл тэмцэгч зэрэг цол гуншингүй, CD зардаг 34 настай гэхээс өөр тодорхойлолтгүй байсан гэдэг нь ингэж үзэх нэг шалтгаан юм. Тэр энэхүү ганц хүний тэмцлээ нийгмийн дуу хоолой, тэмцлийн тэргүүн эгнээнд байх ёстой сэхээтнүүдэд зориулсан төрийн ёслолын үеэр үйлдсэн нь санаандгүй тохиол байгаагүй гэлтэй. Нийгмийн оюунлаг хэсэг, сэхээтнүүд мөлжигч ангийн шатрын хүү, даамал, хөлсний бичээч, ухуулагч болж, төр эрдэмтэн хоёр нь нэгэн хөнжилд хутгалдаж, нийгмийн гэрээний[4] цээр хөндөгдсөн явдалд бухимдан тэрээр бидэнд ийнхүү улс төрийн захидал илгээжээ.

Ашигласан материал:

Benjamin, W. [1920] 1986. Critique of violence. Reflections: Essays, aphorisms, autobiographical writings. New York, NY: Schocken.

Bloch, M. 1975. Political Language and Oratory in Traditional Society. Academic Press: Cambridge, Massachusetts.

Craig, S. 2012. Social suffering and embodied political crisis. Hot spot forum, Cultural Anthropology. Accessed Feb 9, 2021

De Soto, H. 2011. The Real Mohamed Bouazizi. Foreign Policy. Accessed Feb 9, 2021

Durkheim, E. [1897] 1952. Suicide: A Study in Sociology. Routledge: London

Foucault, M. 1984. What is enlightenment. In P. Rabinow (Ed.), The Foucault reader (pp. 32–50). New York, NY: Pantheon Books.

Fierke, M. K. 2013. Political Self-Sacrifice: Agency, Body, and Emotion in International Relations. New York: Cambridge University Press

Mbembe, A. 2003. Necropolitics. Public Culture Winter 15(1): pp.11–40. Accessed Feb 9, 2021

Michelsen, N. 2014. “The Political Subject of Self-immolation,” Globalizations 12 (1): 83–100.

Uzzel, J. 2012. “Biopolitics of the Self-Immolation of Mohamed Bouazizi,” E-International Relations, Nov 7, Accessed Feb 9, 2021

Vehaba, A. 2019. “Buddhism, Death, And Resistance: What Self-Immolation In Tibet Has Borne,” Politics, Religion and Ideology 20 (2): 215–243.

Yurchak, A. 2005. Everything Was Forever, Until It Was No More. Princeton University Press: New Jersey

Żuk, P. & Żuk, P. 2018. “An ‘ordinary man’s’ protest: self-immolation as a radical political message in Eastern Europe today and in the past,” Social Movement Studies 17 (5): 610–617.

[1] Амиа егүүтгэх амиа золиослох хоёрын ялгааг энэ өгүүллээс харна уу.

[2] Үүний өмнө Таван Толгой ХХК-ийн ажилтан өөрийгөө шатаан улс төрийн эсэргүүцлээ илэрхийлэх гэж оролдон азтай тохиолоор амьд гарсан

[3] Фиеркегийн уг судалгааг энэ номоос харна уу.

Fierke. M.K, 2013 “Political Self-Sacrifice: Agency, Body, and Emotion in International Relations

[4] Нийтийн сэхээтэн гэх ойлголтоор эрдэмтэй дундаж давхарга төртэй нийлж эрх мэдэл хөөх үед нийгмийн цээр үгүй болж нийгэмд шүүмжлэх масс үгүй болно.

--

--

SPECTRE MONGOLIA

Спектр Монгол нь неолиберал үзэл бодол ноёлон буй Монголын нийгэмд альтернатив болох, зүүний үзлийн талаар таниулах зорилготой залуусын сайн дурын нэгдэл юм.